Оршил:
Хүний хөгжлийг насны үечлэлээр үе үеийн суут олон эрдэмтэд сэтгэл зүйн талаас нь холбон тайлбарлаж түүгээрээ хүн ямар насанд дээрээ ямар мэдэрхүйн хөгжлийн тал хөгждөгийг тодорхой тайлбарласан онолууд байдаг. Үүнд: дотроос дэлхийд алдаршиж хүлээн зөвшөөрөгдсөн дараах эрдэмтдийн онолыг би авч үзэхийг эрмэлзлээ. Үүнд:
v Эрик Эриксоны ″Бие хүний хөгжлийн″ тухай онол
v “Хүүхдийн оюун ухааны хөгжлийн” тухай онол Жан Пиажегийн онол
v “Сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны” тухай Л.С.Выготскийн онол
v “Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн” тухай онол Д.Б.Эльконин
v А.Маслоуны “Хүний хэрэгцээний хүмүүнлэг онол” дээрх онолуудын онцлог талуудыг авч үзлээ.
Хүний хөгжлийн тухай насны үечлэлийн онолууд нь:
Бойжилт-төлжилт: Генетикийн хувьд урьдчилан өгөгдсөн төлөвлөгөөний дагуу явагдаж буй өсөлт, өөрчлөлтийг илтгэсэн үйл явц юм.
Өсөлт: гэсэн нэр томъёо нь эд эрхтэний хэмжээ, чадвар боломж нэмэгдэх гэсэн утга санааг илэрхийлнэ.
Хөгширөлт нь: Хөгжлийн оргил цэгт хүрснээс хойш организмд явагдаж буй биологийн өөрчлөлт юм.
Эрик Эриксоны ″Бие хүний хөгжлийн″ тухай онол
Эриксон хүний нийгэмтэй харилцах харилцаанд гол анхаарлаа хандуулж өөрийн онолоо боловсруулсан. Түүний хувьд хүн төрөлхтөнд түгээмэл нийгэм-сэтгэлзүйн хөгжлийн үе шатыг бодгаль хүн дамждаг. Хөгжлийн үе шат болгон нь тодорхой хямралт үед эхлэх бөгөөд эдгээр үе шат бүрд байх эерэг, сөрөг тал бүхий хямралыг шат дараалан эерэгээр шийдсэн тохиолдолд өөрийгөө бүрэн дайчилсан бие хүн төлөвшинө гэж үздэг[1].
v Хөгжлийн нэг дүгээр үе шат: Нялх нас /0-1 нас/ Итгэх ба эс итгэх мэдрэмжийн хямрал. Энэ үеийн хөгжлийн тулгуур нь итгэлтэй холбоотой үүсэх мэдрэмж. Энэ мэдрэмж нь эсэх нь хүүхдийн асаргаатай холбоотой. Хэрвээ эх нь хүүхэдтэйгээ сайн харьцаж чадаагүй, гадуурхагдаж, үл ойшоох байдлаар харьцвал хүүхдэд айж эргэлзэх, өөрийнхөө төлөө санаа зовох чиг хандлага үүсдэг. Хэрвээ эхийн асаргаа сайн байвал хүүхэд нийгмийн орчин аюулгүй, тогтвортой, хүмүүс халамжтай гэсэн итгэлийн мэдрэмж үүснэ. Ингэснээр хүүхэд өөртөө, гадаад орчинд итгэдэг. Үүний үр дүнд итгэл найдвар бий болдог.
v Хөгжлийн хоёрдугаар үе шат: Балчир нас /1-3 нас/ Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил. Хэрвээ хүүхдэд өмнөх шатанд итгэл найдварын мэдрэмж буй болсон бол тусгаар, бие даасан байдалтай болсоноор юмыг сонирхож “ Би өөрөө” “Би чадна” гэх зэрэг хандлага илэрнэ. Үүний үр дүнд хүүхдэд эр зориг бий болдог. Харин эцэг эх нь хүүхдийг хэтэрхий их эрхлүүлэх, эсвэл үл тоон зөнд нь орхивол орчноо хянаж, бие даасан байдалтай байна гэдэгтээ эргэлзэж эхэлдэг. Ингэснээр хожим насанд хүрсэн хойноо бусад хүмүүс өөрийг нь заавал зааж чиглүүлж, хянаж байх ёстой гэсэн буруу үзэлтэй болох бөгөөд бусдаас маш их хамааралтай хардамтгай хүн болдог.
v Хөгжлийн гуравдугаар үе шат: Тоглоомын нас /4-6 нас/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил . Хөгжлийн эерэг тал нь эцэг эх нь хүүхдийн хийж байгаа зүйлийн урамшуулж, дэмжиж өгвөл тусгаар байдал хөгжиж,хариуцлагатай болж урагш хөгжихийн тулд ямар нэгэн зүйлийг идэвхтэй хийх ёстой гэсэн хүсэл сонирхолтой болно. Энэ үед хүмүүс өөрийг нь хүн гэж харьцаж байна, амьдрал бол тодорхой зорилготой зүйл гэдгийг ухаарах нь хамгийн чухал ололт байдаг. Нөгөө талаас эцэг эх нь бие даах боломжийг нь хязгаарлавал өөрийгөө буруутгах мэдрэмжтэй болж өөрийгөө шоовдор амьтан гэж үзэх мэдрэмж бий болдог.
v Хөгжлийн дөрөвдүгээр шат: Сургуулийн нас /6-12 нас/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуугийн мэдрэмжийн зөрчил. Хүүхэд өөрийнхөө юуг яаж хийх ёстойг ойлгож, уг ойлголтоор дамжуулан өөрийн байдлыг ухамсарлаж эхэлдэг. Улмаар сургуульд суралцах болсноор юуг, яаж хийх ёстой вэ? Гэдэг арга зүйд суралцан хөдөлмөрт дурлах мэдрэмж бий болдог. Тэд “ би хэн бэ?” гэдгээ “ би юунд суралцсан бэ?, би юу чаддаг вэ?” гэдэг ойлголттой адилтгаж эхэлдэг. Ингэснээр тэдний хөгжлийн эерэг үзүүлэлт болох чадвар бий болно. Харин хүүхдийг насанд нь тохирохгүй хэтэрхий хүнд даалгавар өгөх амжилт ололтыг нь дутуу үнэлэх, гадуурхах хандлагаар харьцвал тэдэнд дутуугийн мэдрэмж бий болдог.
v Хөгжлийн тавдугаар үе шат: /Өсвөр нас /12-20 нас/. Би-ийн адилтгал ба үүрэг холилдох мэдрэмжийн зөрчил. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө өөртэйгээ адилтгасан дотоод адилтгалыг тогтмол мэдэрч, энэ мэдрэмжийг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байна гэсэн итгэлтэй байх нь чухал. Ингэснээр энэ шатны эерэг тал болох өөрийн итгэл үнэмшил, дотоод ертөнц, чиг зорилгодоо үнэнч байдал үүснэ. Гэхдээ ийм итгэл үнэмшил нь бусадтай харилцах харилцаанд эргэх холбоогоор батлагдаж байх нь чухал. Хэрвээ эерэг холбоо батлагдахгүй бол өөрийгөө танин мэдэлгүйгээр хэтэрхий дэврүүн зантай болж, хүршгүй зорилго тавин төөрч будилж магадгүй. Ийм тохиолдолд “ би ирээдүйд хэн болох вэ?, юу хийх ёстой вэ?, амьдралдаа ямар зорилго тавих вэ?” гэх мэт ойлголтын төөрөгдөл буюу үүрэг холилдолтын зөрчилд автана.
v Хөгжлийн зургаадуугар үе шат: Ид насны эхэн үе /20-25 нас/ Дотносох ба зожигрохын зөрчил. Эриксоны үзсэнээр, дотно харьцаа нь олон талтай, өргөн хүрээтэй асуудал. Энэ нь нэг талаас өөрөө юу ч алдана гэж айхгүйгээр өөрийгөө бусадтай адилтгах нөгөө талаас хайр сэтгэл, бэлгийн харьцаанаас гадна чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг багтаана. Бусдад итгэж, бусадтай дотносох нь хүн өөрийгөө хэр зэрэг таньснаас шалтгаалах бөгөөд өөрийн талаар тогтвортой төсөөлөл үүсээгүй бол бусадтай жинхэнэ ёсоор дотносож чадахгүй. Эриксоны үзсэнээр, хөгжлийн эерэг тал нь хайр сэтгэл. Хайр сэтгэл нь яруу сайхан мэдрэмж, бэлгийн янаг харьцааны аль алиныг нь илэрхийлэх бөгөөд бусдад итгэх хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гаргуунд нь гаргах чадвар юм. Харин өөрийн бодол санаандаа дарагдан, өөрийгөө хэт анхаарч бусадтай харьцахаас зайлсхийж эхэлбэл хөгжлийн энэ шатны сөрөг тал илэрдэг. Бусадтай тогтвортой, тайван, нөхөрсөг, итгэлтэй харьцааг тогтоож чадахгүй бол ганцаардаж, нийгмээс тасардаг. Ийм хүмүүс дотно харьцаа нь шаардлага тавьж, аз туршиж, итгэхийг шаарддаг учраас энэ харьцаанаас зайлхийж байдаг.
v Хөгжлийн долдугаар үе шат: Ид нас /26-64 нас/ Үр ашигтай үйл ажиллагаа ба зогсонги байдлын зөрчил. Энэ насны гол мөн чанар нь үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө санаа тавих, нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх явдал. Ингэж чадвал хөгжлийн эерэг тал нь халамж. Харин өөрийгөө сайн таньж чадаагүй, бусдад итгэдэггүй, зөвхөн хувиа бодон нийгмээс тасарсан хүмүүсийн амьдрал зогсонги байдалд ордог. Үүний улмаас ирээдүйдээ итгэх итгэлгүй болж, архи дарсанд орохоос гадна дунд насны хямралд орно.
v Хөгжлийн наймдугаар үе шат: Өтлөх нас /65 аас дээш нас/ “Би”-ийн цогцолборын тодрол ба цөхрөх мэдрэмжийн зөрчил. Хүмүүс ажил хэргийн төлөө анхаарал халамж тавьж амьдралдаа алдаж онож явсан, үзэл бодлоо байнга илэрхийлж явсан хүний өнгөрүүлсэн амьдралынх нь үр дүн гарч ирдэг. Энэ насны хөгжлийн эерэг тал нь саруул ухаан юм. Тийм ч учраас энэ насанд хүмүүс өөрийн амьдралдаа хүрсэн ололт амжилтаа үнэлж дүгнэдэг. Хариг зарим хүмүүс ололт амжилтын мэдрэмжгүй, “Би” –гээ цогцолбор байдлаар харж чаддаггүй. Үүний улмаас үхлээс айх, ямар нэгэн юм тохиолдох бий гэсэн түгшүүрт автдаг.
Эриксоны онолыг 22 жил судалсан сэтгэл судлаач Сюзан Уайтборн түүний онолыг батлах нэлээд судалгаа хийсэн бөгөөд хүний хөгжил насан туршид явагдахаас гадна сэтгэл зүйн хөгжил өтөл нас хүрээд зогсохгүй гэдгийг тогтоосон байна.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн тухай
Жан Пиажегийн онол:[2]
Швейцарийн сэтгэл зүйч Жан Пиаже /1896-1980/ оюун ухааны хөгжлийг дараах байдлаар явагддаг гэж үзжээ. “Мэдлэг бол үйлдэл юм”[3]. Үйлдлийн явцад схемүүд бий болно. Хүмүүс хөгжлийнхөө явцад мэдээллийг зохион байгуулах, гадны ертөнцийг ойлгохын тулд илүү нарийн схемүүд хэрэглэдэг. Пиаже хүүхдийн оюун ухааны хөгжлийг чанарын хувьд өөр хоорондоо ялгаа бүхий 4-н үе шат болгон ангилжээ. Үүнд:
Хүртэх –хөдөлгөөний шат /0-2 нас/ нялах хүүхдүүд маш цөөн тооны схем хэрэглэдэг. Тэдний хэрэглэдэг хөдөлгөөнүүдийн ихэнх нь юмыг харах, хавлан барих, хазах, зажилах үйлдлүүд дээр илэрнэ. Хүүхдийн оюун ухаан нь түүний мэдэрхүйн эрхтэн, бие махбодийн хөдөлгөөнөөс ирэх мэдээлэл дээр тулгуурладаг учраас Пиаже хүрэх-хөдөлгөөний үе гэж нэрлэжээ.
Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат/2-7нас/ Пиажегийн онол дахь танин мэдэхүйн
хөгжлийн хоёр дахь шат хүүхэд хэлд орж тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх чадвартай болсон үеэс энэ шат эхэлнэ. Хүүхэд өдөр тутмын туршлага дээрээ тулгуурлан тодорхой мэдлэг эзэмшдэг. Юмыг ангилж бүлэглэж, ерөнхийлөн дүгнэж чаддаггүй. Жишээ нь: тэдэнд “Миний эмээ” гэсэн тодорхой ойлголт байхаас биш. “Бүх эмээнүүд” гэсэн ерөнхий хийсвэр ойлголт байдаггүй. Гэхдээ энэ насны хүүхдийн сэтгэлгээ нь туйлын тодорхой, хүүхдийн өөрийн үзэлд тулгаарласан шинжтэй байдаг. Хүүхэд юмыг өөр дээрээ төвлөрүүлэн сэтгэхийг “Эгоцентризм ”гэнэ. Хүүхэд юмыг өөрийн сууринаас харахаас биш бусдын байр сууринаас харж чаддаггүй. Энэ насны хүүхэд зөвхөн өөрийн хатуу үзэл бодолдоо баригдсан сэтгэлгээтэй байдаг гэж Пиаже үзжээ.
Тодорхой үйлдлийн шат /7-11, 12 нас/ Хүүхдийн логик сэтгэлгээ хөгжиж эхэлнэ. Юмыг ангилж бүлэг, дэд бүлгүүдэд хувааж чаддаг. Тодорхой үйлдлийн шатан дээр хүүхдийн хөгжилд гарч байгаа гол ололт. Зарим нөхцөл байдал өөрчлөгдөж байхад юмсын шинж чанар тогтвортой хадалагддаг гэдгийг хүүхэд ойлгох чадвартай болно.
Формоль үйлдлийн шат /12-оос дээш нас/ Үүнийг хийсвэр үйлдлийн шат гэж нэрлэж болно. Учир нь үүний өмнөх шатан дээр хүүхэд юмсын багтаамж тоо ширхэг, орон зай зэрэг физик шинжүүдийн аль нэгийг ашиглан үйлдэл хийх чадвартай байдаг учраас тэдний танин мэдэх үйл ажиллагаа нь харьцангуй хязгаарлагдмал шинж бодит зүйлээс хамааралтай байдаг гэж Пиаже үзжээ.
Сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай Л.С.Выготскийн онол:
Оросын сэтгэл зүйч Л.С.Выготскийн үзэж байгаагаар, бидний өссөн орчин танин мэдэхүйн чухал үүрэгтэй байдаг. Бидний суралцах үйл явцад үзүүлж байгаа нийгмийн нөлөөг харгалзахгүйгээр танин мэдэхүйн хөгжлийг ойлгох боломжгүй юм гэж үздэг. Танин мэдэхүйн хөгжил нь бусадтай хамтран асуудлыг шийдвэрлэх нийгмийн харилцан үйлчлэлийн үр дүнд явагддаг. Энэ харилцан үйлчлэлд орсноор хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин дээшлэх бөгөөд оюун ухааны үйл ажиллагаа нь хөгжиж эхэлдэг. Хүүхдийн хөгжлийг тайлбарлахдаа Л.Выготский 2 бүсийг тодорхойлсон. Эдгээр нь хөгжлийн бодит ба ойролцоо бүсүүд. Хүүхдийн хөгжлийн бодит бүс гэдэг нь хүүхэд өөрөө, бие дааж шийдвэрлэж, хийж чадаж байгаа үйлдлүүдээр тодорхойлогдоно.
Хөгжлийн өмнө явж, түүнийг эрчимжүүлэн дагуулж яваа сургалт нь сайн сургалт юм гэсэн гол үзлийг Л.С. Выготский дэвшүүлэн тавьжээ.
Хүүхдийн хөгжлийн ойролцоо буюу “Ойрын бүс” Хүүхдийн хөгжлийн одоогийн түвшин буюу “бодит бүс”
Гэхдээ сургалт хөгжлөөс ямар зайнд түрүүлэн явж түүнийг эрчимжүүлэх гэдэг нь чухал асуудал. Үүнийг Л.С.Выготский доорхи байдлаар тодорхойлжээ.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн хоёр түвшин /Л.С.Выготский/
Хүүхдийн хөгжлийн “бодит бүс” нь:
ь Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж байгаа зүйлүүдээр тодорхойлогдоно.
ь Энэ бол өчигдөрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.
ь Сургалт нь хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь идэвхигүй дагаж явах ёсгүй.
Хүүхдийн хөгжлийн “ойрын” бүс нь:
ь Хүүхдийн хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн ялимгүй туслалцаатай хийж чадах зүйлүүдээр тодорхойлогдоно.
ь Санаа авахуулах, заавар өгөх, загнах, дэмжин урамшуулах гэх мэт.
ь Энэ төвшин нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.
Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялимгүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэн явах ёстой.
“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм”[4] гэж Л.С.Выготский бичиж байжээ.
“Хүүхдийн сэтгэцийн хөгжлийг” тодорхойлсон: Д.Б.Эльконины үечлэл
Насны үечлэл | Зонхилох үйл ажиллагаа | Танин мэдэх үйлийн чиглэл | Сэтгэцийн үйлийн түлхүү хөгжих салбар | Тухай насны шинэ бүрдэл /шинээр гарц ирсэн зүйл/ |
Нялх үе /0-1/ | Шууд итгэлийн хөдөлгөөнт харилцаа | Харилцааг танихад | Бие хүний /хэрэгцээ сэдлийн тал/ | Харилцах хэрэгцээ сэтгэл хөдлөлийн харилцаа |
Балчир нас /1-3/ | Эд юмстай хийх үйлдэл | Юмсыг танихад | Танин мэдэхүйн процессууд | Хэл яриа ба харагдах үйлийн сэтгэхүй |
Сургуулийн өмнөх нас /3-7/ | Дүрт тоглоом | Харилцааг танихад | Бие хүний /хэрэгцээ сэдлийн/ | Нийгмийн ач холбогдол бүхий орчны зүгээс үнэлэгдэх үйл ажиллагаа хийх эрэлт хэрэгцээ |
Сургуулийн бага нас /7-11/ | хичээл | Шинжлэх ухааны анхан шатны эхийг танихад | Оюун ухаан-танин мэдэхүйн | Юмыг зориуд хийх чадвар, үйлдлийн дотооп төлөвлөгөө Өөрийн хяналт |
Өсвөр нас /11-15/ | Сургалт ба зохион байгуулалт бүхий хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад илрэх харилцаа | Янз бүрийн нөхцөлд илрэх харилцааны тогтолцоог танихад | Бие хүний /хэрэгцээ- сэдлийн тал/ | “Том болох” мэдрэмж, тэмүүлэл өөрийн үнэлгээ, хамтын амьдралын хэм хэмжээнд захирагдах чадвар |
Сургуулийн ахлах нас /15-17/ | Мэргэжлийн хандлагатай сурах үйл ажиллагаа | Мэргэжлүүдийг танихад | Танин мэдэхүйн тал | Ертөнцийг үзэх үзэл мэргэжлийн сонирхол |
Хэрэгцээг хүмүүнлэгийн онолын үүднээс тайлбарлах нь:
Сэдэл ба хэрэгцээний тухай асуудал нь хүмүүнлэгийн онолын гол зүрх нь юм. А.Маслоу “Хүн бол хүсэгч зүйл ” гэжээ. Хүн ямар нэгэн юмыг байнга хүсч байдаг учраас хүний хэрэгцээ төгс хангагдана. Гэж байдаггүй. Хүний хүсэл хэрэгцээ бүрэн хангагдах тохиолдол гарлаа ч гэсэн энэ нь төдий л удаан биш юм. Нэг хэрэгцээ нөгөө хэрэгцээгээ төрүүлнэ. Хүмүүс ямагт ямар нэгэн зүйлийг хүсч байдаг нь тэдний онцлог юм. Хүний хэрэгцээ нь төрөлхийн зөн билгийн шинжтэй бөгөөд эдгээр нь шатчилсан зохион байгуулалтанд оршдог гэж А.Маслоу үзжээ. Хэрэгцээний зонхилох ач холбогдлоор нь авч үзвэл:
Дундаж хүн хэрэгцээгээ дараах байдлаар хангаж байдаг гэж А.Маслоу тайлбарласан. Үүнд:
Физиологийн хэрэгцээ -85%
Аюулгүй байдал хамгааллын хэрэгцээ-70%
Харъяалагдах ба хайрлуулах хэрэгцээ-50%
Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ-10%
Өөрийгөө идэвхижүүлэх буюу төгөлдөржүүлэх хэрэгцээ-10% гэж тус тус авч үзсэн. Хүн дээрх байдлаар хэрэгцээгээ хангаж байх ёстой гэж үзсэн байна. А.Маслоу нь хүний хэрэгцээг доорх пирамид дээр харуулсан байна.
Бүтээлч шинж хүн бүрт заяагдсан байдаг учраас тусгай авьяас суу билэг шаарддаггүй гэж
А.Маслоу хэлсэн байдаг.
Дүгнэлт:
1. Бид хүний хөгжлийн болон хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг тайлбарласан олон онолуудын дотроос Америкийн /Э.Эриксон/, /Швейцарийн Ж. Пиаже/, /Оросын Д.Б.Эльконин/, таван томоохон эрдэмтдийн үзэл баримтлал онолыг судалснаараа хүний хөгжлийг настай нь хамт авч үзэх зүйтэй юм. Тэр тусмаа ялангуяа Э.Эриксон, Ж.Пиаже харын тодорхойлсон насны үечлэл дэлхийн олон улс оронд ихэд алдаршжээ.
2. Эдгээр онолуудад адил төсөөтэй зүйлүүд цөөнгүй байгаа нь ажиглагддаг. Жишээ нь: Э.Эриксон, Эльконин нарын хэн хэнийх нь онолд сургуулийн насны үед хүүхдийн хөгжилд хичээл сургалтын нөлөөг, өсвөр үед өөрийгөө таних, бусадтай харилцахын чухалыг тус тус онцлон тэмдэглэсэн байна.
3. Гэвч дээрх эрдэмтэд хүүхдийн хөгжлийг үечлэн авч үзэхдээ өөр өөр шалгуур үзүүлэлтийг баримталдаг. Жишээ нь: Жан Пиаже “оюун ухааны хөгжлийг”, Эрик Эриксон “Би” буюу эго-гийн төлөвшлийг, Д.Б.Эльконин “үйл ажиллагаа ба харилцаа” А.Маслоугийн хэрэгцээний шатлалын тухай онол тус тус голлон авч судаллалаа.
Ном зүй:
v О.Мягмар, М.Нямдорж, З.Ариунбилэг, Б.Сүх-Очир
“Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба Нийгмийн ажил” /улаанбаатар УБ.,2002
v Ж.Санжжав “Сэтгэл судлал” /улаанбаатар 1997/
v “Сэтгэл судлалд өөрөө суралцахуй” /Улаанбаатар 2009 он/
v Сэтгэл судлалын түүх
[1] Эрик Эриксон үзэж уг онолоо боловсруулсан ажээ.
[2] Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба нийгмийн ажил /24,25,26,27 хуу/
[3] Жан Пиаже хэлсэн байдаг.
[4] Л.С.Выготский энэ онолдоо сургалтыг хүний хөгжлийн үндэс гэж үзсэн байна.